Америкт бизнес эрхлэдэг монголчуудын хоёрдугаар чуулган
2008 оны долдугаар сарын 26 • Bay Area, California
 
   Home    Overview    Why Attend    Schedule    Speakers    Location    Registration    Sponsors

“Өнөөдөр Америкт өөрийн хувийн бизнес эрхлээд тодорхой амжилтад хүрч буй монголчууд цөөнгүй байна. Чулууныхан, дэлгүүрийнхэн, цэвэрлэгээнийхэн, компьютерчид, утасныхан, машин засварынхан, телевизийнхэн гээд л монголчууд зөвхөн ажилладаг биш, бизнес эрхэлдэг салбарынханыг жагсаахад энэ шүү дээ” хэмээн бичиж америкт амьдарч, ажиллаж, бизнес эрхэлж байгаа монголчуудаа нэгдэхийг уриалан дуудаж байснаас хойш даруй жил болжээ.

Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгдлөө, олон үйл явдал болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр АНУ-д албан ёсны айлчлал хийж АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буштай Мянганы Сорилын сангийн гэрээ байгууллаа. Жилийн өмнө АНУ-д Монгол Улсыг төлөөлөн сууж асан Элчин Сайд Р.Болд өдгөө нутаг буцаж төрийн хариуцлагатай албанд томилогдон ажиллаж байна. Шинэ Элчин Сайд Х.Бэхбат ажлаа хүлээн авмагц АНУ-д бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Небраска мужаас сонгогдсон сенатор Чак Хагел тэргүүтэй гурван сенатч санаачлан “R. RES. 417” хэмээн товчлогдсон АНУ, Монгол Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулах хуулийн заалтыг АНУ-ын Конгрессоор он солигдохын өмнө буюу 2007 оны арван хоёрдугаар сарын 19-нд хэлэлцүүлж эхэллээ. АНУ-н Худалдааны Яам манай Элчин Сайдын Яам болон Монголын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагтай хамтран АНУ-Монголын бизнесийн гуравдугаар форумыг зохион байгууллаа.

АНУ-н цагаачлалын байгууллагын шинэ дүрэм журмын дагуу аливаа визийн ажиллагааг түргэтгэсэн журмаар шийдэгддэг боллоо. Мөн АНУ-д мастер, докторын зэрэг хамгаалсан оюутнуудад тусгай ангиллын Эйч-1 виз олгодог боллоо. Түүнчлэн бакалавр, мастерт сурч төгссөн оюутнуудын дадлага хийж ажиллах хугацааг сунгалаа. Үүний үр дүнд АНУ-д хүрэлцэн ирж Эйч-1 төрлийн визээр мэргэжлээрээ гурваас арван жил ажиллаж байсан олон монголчууд АНУ-д байнга оршин суух эрхээ авч өөрийн бизнестээ ажиллах эрхтэй болсон байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ногоон картын сугалаа хожигч монгол азтангууд ч шууд бизнес эрхлэлт өөд алхах боллоо. Монголоос АНУ-д хөрөнгө оруулагчид бий болж хөрөнгө оруулагч нарт олгодог ангиллын визтэйгээр бизнес эрхэлж байна. Урьд өмнө үйл ажиллагаагаа эхлэн нэгэнтээ жигдэрсэн бизнесүүд Эль, Эйч-1 ангиллын визээр Монголоос нутаг нэгт мэргэжилтнүүдээ урин авчирч ажиллуулж байна.

Энэ бүх өөрчлөлт АНУ дахь монголчуудын бизнесийн амьдралд ихээхэн дулаан уур амьсгалын бий болгож байна. Олон монголчууд үнэхээр ажилд орох гэж, ажил хайх гэж гүйх бус дараагийн шатанд шилжиж бусдыг ажлаар хангах, сайн ажилтан олох гэж, сайн маркетинг явуулах гэж, бизнесийн хууль дүрэмд суралцаж өөрийн бизнесээ хөл дээр нь бат зогсоох гэж, бизнесийн орчиндоо хамгаалалт, даатгал бий болгох гэж, хэрэглэгчидтэйгээ, ажилтнуудтайгаа зөв сайхан харилцах гэж чармайн зүтгэх боллоо. Нэгэнтээ “Америкт байгаа монголчууд өөрсдийн бизнестэй боллоо, Монгол Улсын иргэдийн өмч Америкт бий болчихлоо, тодруулбал Монгол Улсын эрх ашиг гээч юм Америкт бий болчихлоо шүү дээ, таминь ээ. Одоо яах ёстой вэ?” хэмээж байсан минь одоо жинхэнэ биеллээ олж мөлхөөгөөс хөлд орж байх шиг.

Энэ жил илүүтэй хугацаанд урьд өмнө бизнес эрхэлж эхлээд байсан монголчууд ч зүгээр суусангүй. Өөрсдийн дээвэр болчихоор байгууллагаа байгууллаа. Муж улс болон орон нутгийн хуулиудын дагуу тус байгууллагын зохих бүртгэлийг бүрэн хийж дуусгалаа.

Байгууллагаа худалдааны танхим хэмээн нэрлэсэн нь бас учиртай билээ. АНУ-д бизнесүүд нэгдэж эрх ашгаа төлөөлөн илэрхийлүүлдэг, төр засгийн байгууллагуудад дуу хоолойгоо хүргүүлдэг, лобби хийдэг тогтсон жишиг байдаг агаад тэр байгууллага нь худалдааны танхим байдаг юм байна. Татварын хуулинд ч танхимын чиглэлээр ажилладаг орлогын бус байгууллага гэж тодорхой зааж ангилал үүсгэдэг ажээ. Тэгээд ч урд өмнө ашгийн бус олон нийтийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг сайтар судалж, ийм байгууллага нэг бус удаа байгуулалцаж байсан, заримд нь тэргүүлэх зөвлөлийн гишүүн болж ажилладаг туршлага бүхий монголчуудынхаа саналыг хүлээж авсан юм. Ялангуяа баруун эрэгт амьдардаг олноо ихэд танил Ш.Баатар ахын зөвлөгөө ихэд нөлөөлсөн. Түүнчлэн Монголын худалдаа хөгжлийн танхимыг шинэчлэх фронтын дайчин байж, нэгэнтээ Дэнвэр хотноо Монголын худалдааны танхим байгуулах гэж оролдож байсан, АНУ-д бизнес эрхлэгч Б.Бадрал ч уг нэрийг тууштай санал болгосон юм. Дээр нь улс эх орноо бүрэн төлөөлөх эрх бүхий, товчдоо энэ оронд суугаа бидний албан ёсны эзэн Бүрэн Эрхт Элчин Сайд Р.Болдын зөвлөмжийг ч дагасан хэрэг юм.

Манай танхимыг гадна дотны олон байгууллага, хүмүүс талархан хүлээн авч дэмжиж буйд анхлан санаачилсан, танхимаа бий болгоход хүч нэмэрээ оруулсан хүн бүр ихэд талархаж байгаа. Танхимын зүгээс ч цөөнгүй ажил зохион байгуулсан. Энэ бүх ажлын тайланг, бидний ололтыг дутагдалтай нь хамт чуулган уулзалтад хүрэлцэн ирж сонсоорой.

Зөвхөн сонсоод зогсохгүй, танхимыг хүрээлэн ажиллаж, хамтран босгоё. Энэ бол АНУ-д байгаа бизнес монголчуудын байгууллага, монголчуудын өмч, монголчуудын эрх ашиг билээ. Байгууллага бий болчихлоо, цаашид хэрхэх, яаж тойрон хүрээлэх, ямар үйл ажиллагаагаар нэгтгэн явах зэрэг нь бүгдээрээ АНУ-д бизнес эрхлэгч бүрийн саналаа нэмэрлэх асуудал юм. Тиймээс гаднаас нь хашгирах бус дотор нь орж ирээд гал тогоонд нь хутгалдаарай гэж зориуд дурдаж хэлмээр байна шүү!

Э.Жагдагдорж
Колумбиа, Мизури
2008-6-16

   
Organizer:

Mongolian American Chamber of Commerce
with support
Mongolian Community Association in Bay Area, CA

Corporate Sponsors:

Argamag Incorporated

Contributing Sponsors:

Tristate Granite and Marble
Pyramid Granite LLC

Supporting Sponsors:

Air Bridge, LLC



Sponsor Policy!